Монгол үндэсний хувцасны түүх, Дээлний тухай ерөнхий ойлголт Манай үндэсний хувцас нь дэлхийн улс үндэстнүүдийн хувцасны дотор зохих суурийг эзэлж, нүүдэлчин соёл иргэншлийн явцад хуримтлуулсан туршлага, ур чадвар тулгуурлан байгаль цаг уурын нөхцөл, ахуй амьдралтай уялдан түүх соёл, зан заншил, өв уламжлалын илэрхийлэл болон хөгжиж ирсэн билээ. Тухайлбал, монгол дээлний задгай байдаг нь өмсөхөд хялбар, зөрүүлж товчилдог учир салхи орохгүй дулаахан нь зах нь босоо тул хоолойн өвчнөос сэргийлдэг, өргөн бүс нь бөөр дотор эрхтнийг доргилтоос хамгаалдаг, урт ханцуй буюу нударга нь гарыг хамгаалж бээлийг орлодог, хормойнь өргөн нь моринд мордож, бууж суухад хөл тушихгүй байдаг зэрэг байгаль цаг уурын амьдралтай уялдан зохицож чадсан олон сайн шинж чанарыг агуулсан байдаг. Эрүүл ахуй, гоо зүй болон эдэлгээний шаардлага, өмсөх улирал, зориулалт зэргийг харгалзан дээлний материалыг сонгохдоо түүний өнгө, хээ, хүний биеийн галбир, царайны байдал, нас хүйсний онцлогт тохируу...